Доктор, профессор Ц.Баясгалангийн нэрэмжит Монголын математикийн 58-р олимпиад нээлтээ хийлээ.

Доктор, профессор Ц.Баясгалангийн нэрэмжит Монголын математикийн 58-р олимпиад нээлтээ хийлээ.

Доктор, профессор Ц.Баясгалангийн нэрэмжит Монголын математикийн 58-р олимпиад нээлтээ хийлээ.

 

Математикийн улсын олимпиадын анхны аварга, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баясгалангийн нэр доор ийнхүү Монголын математикийн 58-р олимпиад энэ сарын 6-нд нээлтээ хийлээ.
МУИС-ийн профессор асан доктор Цэмбэлцогтын Баясгалангийн нэрэмжит Монголын математикийн 58-р олимпиад болон тавдугаар сарын 6-10-ны хооронд нийслэлийн тэргүүний 11-р сургуулийн байранд зохион байгуулагдаж байна.Тус олимпиадын үйл ажиллагааг нээж Монголын Математикийн Олимпиадын Хорооны ерөнхийлөгч Монполимет группийн ТУЗ-ийн дарга хатагтай Н.Мөнхнасан, Монголын Математикийн Олимпиадын Хорооны дэд ерөнхийлөгч ноён Б.Батбаасан нар оролцогчдод амжилт хүсэж, шүүгчдийг шударга ажиллахыг даалгалаа.

Энэхүү олимпиадад хот хөдөөгийн 231 оролцогч дунд, ахлах, багш гэсэн гурван ангилалд 31 медалийн төлөө өрсөлдөнө. Мөн олимпиадын ахлах ангиллын оролцогчдоос Олон Улсын Математикийн олимпиадад Монголыг төлөөлөн оролцох зургаан сурагч шалгарах юм.

Нээлтийн үеэр Монголын Математикийн Олимпиадын Хорооны ерөнхийлөгч хатагтай Н.Мөнхнасангийн хэлсэн үгнээс товч дурдвал, “Монголын эдийн засгийн хамгийн том боломж бол эрдэм мэдлэгтэй оюунлаг залуучууд юм. Математик бол бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Үнэхээр ч математик хэрэглэдэггүй шинжлэх ухаан гэж байдаггүй. Математик нь аливаад логик байдлаар хандах, нарийн төвөгтэй асуудлын учир шалтгааныг олох, шийдвэрлэх дадлыг хэвшүүлдэг. Цаашилбал Засгийн газар, төрийн байгууллагууд, хувийн компаниудын бүх шийдвэрүүд математик тооцоонд суурилж байж зөв болдог. Монголын Математикийн Олимпиадын Холбоо ТББ байгууллагын зорилго нь Математикийн боловсролыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, математикийн гоо сайхныг хүүхэд залуучуудад таниулан мэдүүлэх, математикийн гоц авьяастай хүүхэд залуучуудыг тодруулах, тэднийг дэмжиж ажиллах байдаг.
Энэ удаагийн олимпиад маань уралдаан тэмцээнээс гадна коронавирусийн хорионоос болж гурван жил уулзаагүй математикчид дахин уулзалдах, сурагчид маань хоорондоо танилцаж шинэ найз нөхөдтэй болох боломжийг давхар олгож байна. Тиймээс та бүхэн энэ боломжийг дүүрэн ашиглаж, авьяаслаг багш, сурагчид маань олимпиаддаа амжилттай оролцохыг хүсье. Монгол Улсад математикийн боловсрол улам илүү дэлгэрэх болтугай!” гэв.

Мөн энэ удаагийн олимпиадын нээлтэд Монголын Математикийн Олимпиадын Хорооны дэд ерөнхийлөгч Ондо ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Анар, математикч доктор Р.Гончигдорж, гавьяат багш Ц.Дашдорж нар зэрэг үе үеийн олон математикч, багш нар хүрэлцэн ирлээ.

2021 оны Олон улсын математикийн 62-р олимпиад ОХУ-н Санктпетрбург хотод 2021 оны долдугаар сард онлайнаар болсон бөгөөд Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль авч дэлхийн 130 гаран орноос 11-р байрт шалгарсан.
Энэ жил Олон улсын математикийн 63-р олимпиад Норвегийн Осло хотод болох бөгөөд оролцогчдыг амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Монголын багийн оролцогч М.Өнөболд ОУМО-оос 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн түүхэнд 54-р байранд жагсдаг юм байна. Өнөболд одоо АНУ-ын MIT их сургуульд математикч болохоор сурч байна.

Олимпиадын дүнгийн хурал 5 сарын 10-нд 13 цагт хүүхдийн ордонд болно.

moderator